Шинэ зууны хүүхдийг хөгжүүлэх зөвлөгөө 11
Та худалдаа наймааны бизнес хийж байгаа ямар ч хүн дээр очоод хамгийн гол нь юу болохыг асуугаарай. Энэ бизнесийн хувьд хамгийн гол нь “байрлал, байрлал бас дахин байрлал” гэж тэд хэлнэ. Өөрөөр хэлбэл худалдаа наймаа эрхлэх байр савны байршил хамгийн чухал үүрэгтэй байдаг байна.
Харин одоо та саятангуудаас саятан болоход хамгийн гол нь юу чухал болохыг асуух аваас тэд хамгийн гол нь “харьцаа, харьцаа бас дахин харьцаа” гэж хариулна. Ямар ч саятантай тавхан минут ярихад л хүнтэй харьцаа тогтоох, тогтоосон харьцаагаа бүх насаараа хадгалах, үргэлж сайжруулах нь хамгийн чухал байдаг гэж тэд хэлнэ. Театрын дарга ч бай, архины үйлдвэрийн эзэн ч бай хэн ч гэсэн ингэж л хэлнэ.
Үнэндээ хүний сайн харьцаанаас илүү үнэтэй зүйл хорвоод байдаггүй юм. Дотно, нөхөрсөг, тусархаг харьцааг тарьж арчилж, өсгөж явах ёстой. Түүнийг анхаарлаар услаж, хайраар бордож тэтгэх учиртай. Танай хүүхэд бага наснаасаа эхлээд анд нөхөдтэйгөө хамгийн дотно сайхан харьцааг тогтоож, түүнийгээ байнга тэтгэж сурвал зохино. Найз нөхөддөө үнэнч байхад сургах ёстой. Сургах гэхээр та энэ номыг уншчихаад түүнд яриад өгчихөд болно гэж бүү ойлгоорой. Хүүхэд ээж аавыгаа хуулбарладаг гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй. Та амьдрал дээр өөрийн биеэр жишээ үзүүлж гэмээнэ тэд сая дууриах юм.
Хэрэв танай хүүхэд олон найз нөхөдтэй бол түүнд бусдыг татах янз бүрийн сайн чанарууд байна гэсэн үг. Хүнд сайн чанар олон байхын хэрээр найз нөхөд олширч ирдэг. Та түүний нөхөрсөг байдлыг дандаа дэмжээрэй. Хэрэв танай хүүхэд өөртөө итгэлгүй, зожиг, аймхай хулчгар болж өсвөл түүнийг хууран мэхлэгчид, бялдуучид, урвагчид юмуу тамлагчид хүрээлэх болно. Бүх насаар нь шүү. Олон найз нөхөдтэй болох хамгийн сайн арга нь хэзээ ч уйлж гонгинохгүй, заргалдахгүй, ээж аавдаа хошуу дэвсэхгүй үргэлж өөдрөг байх явдал гэдгийг та ойлгож хүүхдээ ингэж хүмүүжүүлэх хэрэгтэй.
Их мөнгө бол их үйлсийн төлбөр юм. Их үйлсийг их олон хүнтэй хамтарч байж бүтээдэг. Олон найз нөхөдтэй байхын хэрээр олон зан араншинд тохируулж харьцах харьцааны урлагт хүн суралцсаар байдаг. Саятан хүн гэдэг болон хүний арга эвийг олж үйл бүтээлгэж түүнийхээ төлбөрийг зах зээлээс авч баяжсан хүн байдаг.
Хамгийн гол нь хүн бүртэй нэг жороор харьцдаггүй гэдгийг хүүхдэд ойлгуулах чухал. Учир нь хүн бүр өөр өөр орчин нөхцөлд өсч өөр өөр дадал, зуршил, зан араншинтай болсон байдаг. Тиймээс аливаа хүнийг хувь хүнийх нь хувьд хүндэлдэг болгоод хүмүүжүүлчихвэл хүүхэд бусадтай эв эетэй байж чаддаг тэр хүнд ч, чамд ч өч төчнөөн дутагдал байгаа гэдгийг ойлгуулах явдал чухал. Гагцхүү хүнийг засах гэж, эсвэл өөрөө бусдын дутагдалд сэтгэлээ өвтгөж цагаа барах хэрэггүй гэдгийг ухамсарлуулах хэрэгтэй.
Хүн бүрт, чамд ч бас сайн талууд өч төчнөөн бий гэдгийг ойлгуулах, түүгээрээ хамтран үйлс бүтээж хангалуун сайхан амьдрахыг зорих нь чухал гэдэг үзэл бодол суулгаж чадвал таны ирээдүйн зорилго биелэх болно.
Л.Нарантуяа “Хүүхэд-гэр бүл” номоос
Дэлгэрэнгүй мэдээллийг: Өүлэн Эхийн Оюуныг Бадраах төвөөс буюу 99088602, 70110600 утсаар авна уу.
Холбоотой нийтлэл

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…

АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид…

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар: ХҮН ХОРВООД ДУУЛЖ АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН
Хүн дуутай хууртай, хөг аялгуутай байснаар, өөрийгөө хөглөж, өөрийгөө хөгжүүлэхийн үндэс болох юм. Дуу дуулддаггүй хахир хатуу…
