Үндсэн агуулга руу шилжих
Үндэстэн баг

МӨРГӨЛИЙН ДУУЛАЛ

Хуваалцах:FacebookX

Зүүдний цагаан совин

Бурханд хүрч тайтгарнам

Зүрхний гэгээн залбирал

Бусдын мөрийг ариусгана

Нойрондоо амгаланг үзэж

Сэрүүндээ хязгааргүйг төсөөлөн

Номын мөрөөс үнэнийг эрсэн

Сэтгэлийн гүнээс бурхдад мөргөе

Эмнэлгийн найман бурханд мөргөе

Эмийн шидэт өвс ногоонд мөргөе

Эмчийн дээд багш дор мөргөе

Эцэслүүлж зовлонг арилгагсдад мөргөе

Өвс цэцгэнд өөрөө шингэж

Өвчинг анагаагч увидас болсон

Өршөөлийн дээд нигүүлсэнт

Шагштува – бурханд мөргөе

Гаслан зовлон хяслан эмгэгийг

Гал адил хуйхлан ариусгагч

Гадаад амин оронг бадраагч

Манал дор турхан мөргөе

Хэрүүл хараалын бузрыг хийсгэн

Хэний ч юуны ч эрхэнд орохын

Хэмжээгүй аюулыг гүйцэд дарагч

Чойжамц бурханд мөргөе

Буруу үзэл бодлыг ул үүсгэж

Бухимдуу сэтгэлийг уужруулан

Билэг оршихуйг ариусгахын шидэт

Чойдог жамц бурханд мөргөе

Өнгөрсөн нүгэлийн хар ул мөр

Өнөөч зовоохын шалтгааныг тонилгогч

Өнө хойшид зөв оршихуйн гэрэлт зул

Няман мичиг бурханд мөргөе

Аянга цахилгаан аюул ослын

Арван хар гамшгаас зайлуулагч

Аугаа билгүүн их хүчит

Сэрсэн Дэмид бурханд мөргөе

Авч төрсөн төрөөд олсон

Алин бэр тэр өвчнийг

Арилган төгс илааршуулагч

Ринчин даваа бурханд мөргөе

Таван мэдрэхүйг хөгжөөн

Таг дүлийрч сохрохоос зайлуулагч

Тарни номын нэн хүчит

Цанлаг яндаг бурханд мөргөе

Аршааны дусал тоолон мөргөе

Амь амьдрал оршихуй болгонд мөргөе

Аврал үзүүлэгч бүхэнд мөргөе

Анагаах эрдэм дор мөргөе

Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй”  номоос