Хүн л бол хүн байдаг

Утгагүй амьдрал гэж үгүй, түүнийг хүмүүс л утгагүй болгодог, амьдрал бол хамгийн шударга. / О.Булганхангай /
… Бүгчим гэж жигтэйхэн халуун өдөр хайсан газраа олох санаатай Да хүрээ захаар нэлээн явлаа. Дэргэдээ байгаа хүмүүсээс мэдэж магадгүй гээд асуутал хүссэн хариулт өгөх хүн алга. Уг нь энэ хавьдаа л суугаа наймаачид шүү дээ. Тийм хэнэггүй болчихсон юм уу, заагаад өгөхөөс залхуу нь хүрээд байгаа ч юм уу тодорхойлоход хэцүү юм.
Гэтэл тэр гэхийн аргагүй тамтаг болсон хувцастай, өрөөсөн хөл нь доголсон хүн “Хүүе, хүү минь ээ. Тэнд харагдаж байгаа самбарыг харж байна уу? Чиний асуугаад байгаа газар тэнд байгаа” гээд сууж байсан газраасаа босоод зааж өглөө. Доголон байж, халуунд ангасан уруулаа шилэмдэн хайсан газрыг минь зааж өгсөн түүнийг хараад би их зүйл бодсон.
Машины сэлбэг хайгаад тэрүүхэндээ ядарч явсан миний бодол нэг хэсэгтээ л тэр хүний тухай бодолд автсан. Хүн гэдэг их нээлттэй сайхан юм. Бас хүн гэдэг их хувиа хичээмтгий юм байна гэдгийг нэг дор олж харсан. Тамтаггүй хувцасны цаанаас ил цагаахан сэтгэл харагдаж болдог юм байна. Тансаг эдлэлийн цаанаас дуугарч ядсан араншин илэрдэг юм байна гэдгийг ч нэг дор анзаарсан.
Ядарч яваа хэн нэгнийг харахдаа учиргүй ярвайж, үргэдэггүй ч гэсэн дээ тэр хүмүүсээс хэзээ ч тус хүртэнэ гэж бодож үзээгүй. Гэтэл би өнөөдөр хувцас нь уранхай ноорхой, ядарч яваа гэж өөрөө дүгнэсэн энэ хүнээс хайсан зүйлээ оллоо шүү дээ. Бодлоосоо ичлээ.
Хүн харагдаж байгаа шигээ биш гэдэг үгийг энэ мөчид л сайн ухаарлаа. Муу хүн гэж байдаггүй, муухай хүн л гэж байдаг гэдгийг одоо л ялгаж байна. Дорой амьдарч байгаагийнх нь төлөө сэтгэлээ чилээж суухгүй ч гэлээ, өр зөөлөн амьдраасай гэж чин сэтгэлээсээ бодлоо. Хувь заяагаа өөрийнхөөрөө зурж яваа олон хүмүүсийн нэг нь болсон тэр л уранхай хувцастай, хатсан уруултай хүн миний сэтгэлд ухааны чулуу ивсэнээ ердөө ч мэдэхгүй яваа. Хүн байх сайхан юм даа…
Холбоотой нийтлэл

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
Цуврал №5 ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр…

АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ | Алтан дээд үнэний аялгуу- Монгол хүн, Монгол үндэстэний хөгжлийн нууц- Үндэсний ухаан
“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид…

Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар: ХҮН ХОРВООД ДУУЛЖ АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН
Хүн дуутай хууртай, хөг аялгуутай байснаар, өөрийгөө хөглөж, өөрийгөө хөгжүүлэхийн үндэс болох юм. Дуу дуулддаггүй хахир хатуу…
