Үндсэн агуулга руу шилжих
Үндэстэн баг

Хавар

Хуваалцах:FacebookX
Хавар

 Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар

Монголын сайхан оронд жил жил дэлгэр

Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр

Өвсний соёо ногоороход морь мал ханагар

Холхи нар ойртож хасын цас хайлахад

Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэдэнэ

Хөхөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад

Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана.

Хээрийн галуу айлчилан ирж гангар гунгар донгодоход

Гэртээ суусан малчин түүнийг сонсон уярна

Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад

Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ

Эелдэг урихан амьсгал ариухнаар үнэртээд

Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ

Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд

Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана

Д.Нацагдорж /”Дөрвөн цаг” шүлгийн хэсгээс/

 Их зохиолч Д.Нацагдоржийн энэ л шүлэг миний мэдэх хаврын тухай хамгийн сайхан шүлэг билээ. Ер нь олон хүний дуртай шүлэг болов уу? Сэтгэл сэргээм хаврын улиралын ариун сайхан бүхнийг энд нэгийг нь ч үл орхин илэрхийлсэн мэт. Айлчлан ирэх хаврын улиралтай бидний сэтгэлд амар тайван агаад урьд урьдынхаас илүү их баяр хөөр бялхана. Хэдийгээр 4 сар гарчихаад байхад энэ жилийн хавар тийм ч их дулаахан, таатай биш байгаа ч гудамжаар зөрөн өнгөрөх хүмүүсийн нуруу тэнэгэр бөгөөд цаанаа л тайванхан налайна. Тэдний сэтгэл мөд удахгүй цэцэг ногоо дэлгэрсэн зун цаг ирнэ гэдгийг мэдэж байгаа учир ийнхүү тайван агаад жаргалтай.  Тиймээ энэ сайхан энх улиралд бид  баяр жаргалаар дүүрэн байдаг. Тэнүүн сайхан хаврын улиралд бид бас л их ажилтай. Гэхдээ шоргоолж адил хөдөлмөрлөн хамтдаа олон ажлаа амжуулж өвлийн бэлтгэлээ базааж чадваас тэсгэм хүйтэнд ажрахгүй нь сайхан.  Цэцэг жимстэй зун цаг, урин хавар аяа ариа л ахиухан сартай болоосой гэж хааяахан бодогдоно. Хэрвээ ийм сайхан элэгсэг дулаахан өдрүүд олонсон бол эх орны минь эдийн засагт ч хэнмэлттэй, иргэдийн амьдралд ч тустай, өгөөжтэй байхсан. Гэвч бид яахан өөрчилж чадах, аливаа бүхэн учир утгатай байдаг энэхэн орчлонд цаг хугацаатай уралдаж аливаа бүхнээ амжуулхын төлөө л гүйх зам бидэнд бий. Тийм ээ гомдоллон саар бүхнийг бус, сайн сайхныг л харан ярилцах ард иргэдийн өлгий миний Монголын сайхан оронд урин ХАВАР жил жил дэлгэр…